Блог

нийтэлсэн
2026 оны 03 сарын 12

Өөр өөр төрлийн зээлтэй байх нь яагаад зээлийн оноонд эерэг нөлөөтэй вэ?

Article image

Зээлийн оноо нь зөвхөн таны зээлээ хугацаанд нь төлдөг эсэхээр хэмжигддэггүй. Зээлдэгчийн санхүүгийн зан төлөвийг илүү өргөн хүрээнд үнэлэхийн тулд хэд хэдэн хүчин зүйлийг хамтад нь авч үздэг. Тэдгээрийн нэг нь зээлийн төрөл буюу "credit mix" юм.

Зээлийн төрөл гэдэг нь таны зээлийн тайланд бүртгэгдсэн өөр өөр төрлийн зээлийн бүтээгдэхүүний бүтцийг хэлдэг. Өөрөөр хэлбэл та ямар төрлийн зээл ашиглаж байсан, мөн одоо ямар зээл ашиглаж байгаа нь зээлийн онооны тооцоололд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

FICO® зээлийн оноог тооцоход зээлийн төрөл нь нийт онооны ойролцоогоор 10 хувийг бүрдүүлдэг хүчин зүйлд багтдаг.

Зээлийн төрөл гэж яг юуг хэлж байна вэ?

Зээлийн тайланд ихэвчлэн дараах төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд бүртгэгддэг.

Эргэлтийн зээл "Revolving credit"

Энэ төрлийн зээл нь тогтмол лимиттэй бөгөөд та тухайн лимитийн хүрээнд зээлийг ашиглаж, төлж, дахин ашиглах боломжтой байдаг. Жишээлбэл:

  • Зээлийн карт
  • Овердрафт
  • Эргэлтийн хэрэглээний зээл

Хуваарьт зээл "Installment loan"

Хуваарьт зээл гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг нэг удаа авч, тогтоосон хугацаанд сар бүрийн төлбөрөөр эргэн төлөх бүтэцтэй зээл юм.

Жишээлбэл, та автомашины зээл эсвэл хэрэглээний зээл авбал тухайн зээлийг ихэвчлэн 12 сар, 24 сар, эсвэл түүнээс урт хугацаанд сар бүр тогтмол төлөлтөөр төлж дуусгадаг.

Монголд хуваарьт зээлийн түгээмэл жишээнүүд нь:

  • Хэрэглээний зээл
  • Автомашины зээл
  • Орон сууцны зээл
  • Боловсролын зээл

Энэ төрлийн зээлийн онцлог нь зээлийн хэмжээ, хугацаа, төлбөрийн хуваарь нь эхнээсээ тодорхой байдаг явдал юм.

Яагаад зээлийн төрөл зээлийн оноонд нөлөөлдөг вэ?

Санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо тухайн хүний өөр өөр төрлийн санхүүгийн үүргийг хэрхэн удирдаж байсан түүхийг харгалзан үздэг. Хэрэв зээлдэгч нь:

  • Зээлийн карт
  • Хэрэглээний зээл
  • Автомашины зээл

зэрэг өөр өөр төрлийн зээлийг хариуцлагатай ашиглаж, хугацаанд нь төлж байсан түүхтэй бол энэ нь санхүүгийн сахилга бат сайн байгааг илтгэж болно.

Ийм учраас олон төрлийн зээлийг зөв ашиглаж байсан түүх нь зээлийн оноонд тодорхой хэмжээгээр эерэг дохио болдог.

Гэхдээ энэ нь илүү олон зээл авах ёстой гэсэн үг биш юм. Зээлийн төрөл нь зээлийн онооны тооцоонд ордог хүчин зүйлсийн нэг боловч хамгийн чухал үзүүлэлт биш.

Зээлийн төрлөө нэмэхийн тулд шинэ зээл авах шаардлагатай юу?

Зээлийн оноогоо сайжруулахын тулд зөвхөн зээлийн төрөл нэмэх зорилгоор шинэ зээл авах нь ихэнх тохиолдолд зөв шийдвэр биш байдаг.

Учир нь зээлийн оноонд дараах хүчин зүйлүүд илүү их нөлөө үзүүлдэг.

  • Төлбөрөө хугацаанд нь төлж байсан түүх
  • Зээлийн ашиглалтын хувь
  • Зээлийн түүхийн урт
  • Шинэ зээлийн хүсэлт

Тиймээс зөвхөн зээлийн төрлийг нэмэх зорилгоор зээл авахын оронд одоогийн зээлээ зөв ашиглах нь илүү чухал бөгөөд үр дүнтэй.

Хэрэв таны зээлийн төрөл цөөн байвал яах вэ?

Зээлийн төрөл цөөн байх нь өөрөө асуудал биш. Олон хүмүүс нэг эсвэл хоёр төрлийн зээлтэй байсан ч сайн зээлийн оноотой байдаг. Хамгийн чухал нь:

  • Зээлээ хугацаанд нь төлөх
  • Зээлийн ашиглалтыг хянах
  • Зээлийн түүхийг тогтвортой хадгалах гэдэг санхүүгийн сахилга бат юм

Хэрэв таны зээлийн түүх урт, төлбөрийн түүх сайн байвал зээлийн төрөл цөөн байсан ч энэ нь заавал сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Дүгнэлт

Зээлийн төрөл буюу credit mix нь зээлийн онооны тооцоонд ордог хүчин зүйлсийн нэг боловч хамгийн том нөлөөтэй үзүүлэлт биш юм.

Зээлдэгчийн хувьд хамгийн чухал зүйлс нь:

  • Төлбөрөө хугацаанд нь төлөх
  • Зээлийн ашиглалтыг хянах
  • Зээлийн мэдээллээ тогтмол шалгах

Эдгээр дадал нь таны зээлийн түүхийг тогтвортой хадгалах, зээлийн оноог урт хугацаанд сайжруулах үндэс болдог.

Sainscore® нь хэрэглэгчдэд өөрийн зээлийн мэдээллийг илүү ойлгомжтой харах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байна

Sainscore® апп-ийг ашиглан FICO® зээлийн оноо болоод бусад өөрт хэрэгтэй чухал санхүүгийн мэдээллүүдээ нэг дороос шалгаарай.