Блог

нийтэлсэн
2025 оны 09 сарын 11

Зээлийн оноотой холбоотой нийтлэг асуултууд

Article image

1. “Хар жагсаалт байхгүй болсон тул зээл авах амархан” гэсэн ойлголт зөв үү?

Зээлийн мэдээллийн лавлагаанд “зээлийн ангилал” тусахгүй болох нь таны сөрөг түүх ариллаа гэсэн үг биш. Банк, санхүүгийн байгууллагууд нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А-155/134 тушаалын хавсралт “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу мэдээллээ хугацааны ангиллаар зээлийн мэдээллийн санд нийлүүлсээр байна. Энэ журам нь системийн эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд хүчинтэй хэвээр.

Шинэ бодлогын агуулга нь:

  • Хувь хүний лавлагаанд “ангилал” багана харагдахгүй болсон (FICO® оноонд суурилсан үнэлгээнд шилжих алхам).
  • Гэвч төлөлтийн түүх, хоцролт, зөрчил зэрэг баримтууд FICO® оноогоор дамжин үргэлжлэн нөлөөлнө.
  • Иймээс “муу зээлтэй байсан ч нөлөөгүй” биш, харин FICO® оноо бага бол нөхцөл чангарах, эсвэл татгалзах шийдвэр гарах магадлал өндөр.

Сайн төлөлтийн түүхтэй иргэд FICO® оноогоороо давуу нөхцөл эдэлнэ. Харин хариуцлагагүй төлөлт нь FICO® оноог шууд бууруулж, зээлийн өртгийг өсгөнө.

2. Зээлийн оноо бага бол ямар нөлөөтэй вэ?

FICO® оноо бага байх нь зээлдэгчийн санхүүгийн сахилга бат сул, ирээдүйн төлөлтийн эрсдэл өндөр гэж үнэлэгдэх шалтгаан болдог. Үүний улмаас:

  • Зээл олголтоос татгалзах
  • Илүү өндөр хүү, шимтгэл, нэмэлт нөхцөл тавих
  • Нэмэлт барьцаа шаардах
  • Зээл авах дээд хэмжээ, хугацааг бууруулах зэрэг шийдвэрүүд гарна

3. FICO® оноогоо яаж дээшлүүлэх вэ?

FICO® оноо бол динамик үзүүлэлт. Дараах алхмууд тогтвортой өсөлт авчирна:

  • Хугацаандаа төлөх: гэрээний дагуу бүх төлөлтийг тасралтгүй, бүрэн хийх.
  • Хоцролт арилгах: хугацаа хэтэрсэн зээлий зөрчилийг нэн даруй арилгах.
  • Шинэ зээлийн судалгаа бага хийлгэх: богино хугацаанд олон зээлий судалгаа хийхээс зайлсхийх.
  • Зээлийн ачааллыг зохистой түвшинд барих: өр орлогын харьцаанд нийцсэн зээлийн багцтаай байх.
  • Барьцаагүй, өндөр эрсдэлтэй богино хугацаат зээл (жишээ нь BNPL, өдрийн/7-хоногийн зээл)-ийн давтамжийг бууруулах.

Практик зөвлөмж: 6–12 сарын турш хоцролтгүй төлөлт хадгалах нь FICO® оноонд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг.

4. ББСБ болон бусад санхүүгийн байгууллагууд FICO® оноог хэрхэн ашиглах вэ?

FICO® оноог ашиглах нь зээл олгогчийн дотоод журам, эрсдэлийн бодлогоос шалтгаална. Ихэнх байгууллага:

  • FICO® оноог анхан шатны шүүлтүүр болгон ашиглах (доод босго тогтоох),
  • Эсвэл үнэ тогтоолт/хүүгийн матриц-даа ашиглах (FICO® оноо өндөр → хүү бага)
  • Нийлмэл үнэлгээ хийхдээ FICO® оноог бусад шалгууртай (орлого, DTI, барьцаа, KYC/AML) хослуулан хэрэглэдэг.

Аль онооны бүтээгдэхүүнийг ашиглах нь тухайн байгууллагын шийдвэр, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явагдана.

5. Байгууллагууд дотоод журамдаа ямар өөрчлөлт оруулах вэ?

FICO® оноонд суурилсан үнэлгээнд шилжихдээ байгууллагууд:

  • FICO® онооны доод/дээд босго тогтоох, ангиллын эрсдэлийн матриц батлах
  • FICO® онооны түвшинд тохирсон хүү, шимтгэл, барьцаа, лимит, хугацааны бодлого тодорхойлох
  • Мэдээлэл хамгаалалт, мэдээллийн чанар (data quality)-ын горим, алдаа залруулах журмыг шинэчлэх
  • Хэрэглэгчдэд мэдээлэх, маргаан шийдвэрлэх нэг цонхны сувгийг тодорхойлоход анхаарна

6. “Хэдээс дээш FICO® оноонд зээл олгох вэ?” гэдгийг хэн тогтоодог вэ?

FICO® онооны түвшин, босго, ангилал (өндөр/дунд/бага эрсдэл) нь зээл олгогч бүрийн дотоод бодлогоор тогтоогдоно. Салбар хооронд болон бүтээгдэхүүн тус бүрт өөр босго мөрдөгдөж болно. Иймээс “нэгдсэн улсын босго” гэж байхгүй, харин зах зээлийн өрсөлдөөн, эрсдэлийн дуршил, зорилтот сегментээс хамаарч өөр өөр байна.

7. Зээлийн мэдээллийн тогтолцооны бүтэц, сүүлийн өөрчлөлтүүд

Олон улсын жишгээр зээлийн мэдээллийн тогтолцоо улсын сан, хувийн мэдээллийн компани эсхүл хосолсон хэлбэртэй байдаг. Манай улсад 2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хууль-аар хоёр шатлал бүхий бүтэц (улсын болон хувийн хэвшил) хэрэгжсэн.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийн хүрээнд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК-д олгосон.

2025 оны 05 сарын 16-нд УИХ-аар (УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу Монголбанк 2025 оны 09 сарын 10-ны өдрөөс зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй (лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Ингэснээр “Титан Си Ар Эй ЗМС” ХХК нь иргэн, аж ахуйн нэгжийн зээлжих чадварыг FICO® оноонд суурилуулан үнэлж, зэрэглэл тогтоох бөгөөд зээл олголтын практикт FICO® оноо нь төв үзүүлэлт болж ажиллана.

Нэмэлт тодруулга

Мэдээллийн нууцлал: Зээлдэгчийн хувийн мэдээлэл, зээлийн өгөгдөл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалагдана.

Залруулгын боломж: Алдаатай мэдээлэл илэрвэл мэдээлэл нийлүүлэгч байгууллага, эсхүл хуульд заасан журмаар Монголбанкинд хандаж алдаа залруулах хүсэлт гаргана.

Шилжилтийн үеийн мэдээлэл: Ангиллын багана лавлагаанаас хасагдсан ч өмнөх төлөлтийн түүх FICO® оноонд нөлөөлсөөр байдаг.