Блог

нийтэлсэн
2026 оны 02 сарын 09

FICO® зээлийн оноо буурсан үед яах вэ?

Article image

Анхаарах 7 бодит алхам

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн орчин тогтворгүй байгаа нь иргэдийн зээлийн хэрэглээ, өрийн түвшинд бодит нөлөө үзүүлж, зээлийн оноонд өөрчлөлт орох тохиолдол нэмэгдэх болсон. Өрийн хэмжээ өсөх, төлөлтийн хоцролт гарах, зээлийн бүтэц ойр ойрхон өөрчлөгдөх зэрэг хүчин зүйлс нь зээлийн оноонд шууд болон дам нөлөө үзүүлдэг.

Ийм нөхцөлд зээлийн оноо буурсан нь заавал санхүүгийн сахилга бат алдагдсаныг илэрхийлэхгүй, харин тухайн хүний зээлийн мэдээлэлд орсон өөрчлөлтүүд онооны үнэлгээнд туссаны илрэл байх нь элбэг. Харин ийм үед ямар алхам хийх вэ гэдгийг ойлгох нь хамгийн чухал.

1. Оноо хэр хэмжээгээр буурсныг эхлээд тодорхойл

Хэдхэн оноогоор буурсан өөрчлөлт нь ихэнх тохиолдолд санаа зовох асуудал биш байж болох ч мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан бол илүү анхааралтай хандах хэрэгтэй. Өөрчлөлтийн хэмжээ нь дараагийн алхмыг тодорхойлоход чухал дохио болдог.

2. Яагаад буурсныг нь ойлгох

Хэрэв та зээлийн оноогоо тогтмол шалгадаг бол бууралтын шалтгааныг урьдчилан мэдэх боломжтой. Ихэнх онооны тайлбар хэсэгт оноонд сөргөөр нөлөөлсөн гол хүчин зүйлсийг харуулдаг.

Харин шалтгаан тодорхой бус байвал:

  • Зээлийн мэдээллийн лавлагаагаа шалгах
  • Сүүлийн үед төлөлтийн хоцролт гарсан эсэх
  • Зээлийн үлдэгдэл огцом нэмэгдсэн эсэх
  • Шинэ зээл, лавлагаа бүртгэгдсэн эсэхийг нягтлах хэрэгтэй.

3. Алдаатай мэдээлэл байгаа эсэхийг шалгах

Зээлийн мэдээлэлд алдаа гарах тохиолдол цөөнгүй. Хэрэв таны лавлагаанд буруу бүртгэл илэрвэл тухайн мэдээллийг засуулах боломжтой. Алдаатай мэдээлэл нь оноонд шууд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул энэ алхмыг алгасаж болохгүй.

4. Хоцорсон төлөлтөө нэн даруй зохицуулах

FICO® зээлийн оноонд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол эргэн төлөлтийн түүх юм. Нэг удаагийн хоцролт ч оноонд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болдог.

Хэрэв хоцорсон төлөлт байгаа бол аль болох хурдан нөхөн төлөх болон цаашид хугацаандаа тогтмол төлөх дадлыг хэвшүүлэх нь чухал.

Оноо шууд сэргэхгүй байж болох ч цаашид илүү муудахаас сэргийлнэ.

5. Зээлийн карт болон нээлттэй зээлийн үлдэгдлийг багасгах

Зээлийн карт, нээлттэй зээлийн ашиглалт өндөр байх нь эрсдэл нэмэгдсэн гэж үнэлэгдэх магадлалтай. Боломжтой үедээ үлдэгдлээ багасгах, цаашид зээлийн лимитээ дүүртэл ашиглахгүй байх нь оноонд эерэг нөлөөтэй.

6. Хувийн мэдээлэл зөрчигдөөгүй эсэхийг шалгах

Таны мэдэхгүй зээл, данс бүртгэгдсэн байвал энэ нь хувийн мэдээллийн зөрчил байж болзошгүй. Ийм тохиолдолд зээлийн мэдээлэлд хяналтын тэмдэглэл (анхааруулга) хийх болон холбогдох газарт сэжигтэй бүртгэлүүдийг шалгуулах шаардлагатай.

Энэ алхам нь цаашдын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал.

7. Шинэ зээлийн хүсэлт гаргахаас түр азнах

Сөрөг мэдээллийн нөлөө цаг хугацааны явцад аажмаар буурдаг. Иймд оноо буурсан үед олон зээл, лавлагаа нэмэхээс зайлсхийж, төлөлтөө тогтворжуулах нь хамгийн зөв шийдэл.

Дүгнэлт

FICO® зээлийн оноо буурна гэдэг нь төгсгөл биш. Харин таны санхүүгийн зан төлөвт гарсан өөрчлөлтийг харуулж буй дохио юм. Зөв ойлгож, зөв удирдвал оноо аажмаар сэргэж, урт хугацаанд сайжрах боломжтой.

Sainscore® нь иргэд өөрийн зээлийн мэдээлэл, онооны өөрчлөлтийг ойлгож, хянаж, зөв шийдвэр гаргах боломжийг дэмжин ажиллаж байна.

Та өөрийн FICO® зээлийн оноо, зээлийн мэдээллээ Sainscore® апп болон E-Mongolia платформоор дамжуулан шалгах боломжтой.