Хүн анх үүссэн цагаасаа амь зуух хэмжээнд хэрэглээ нь хязгаарлагддаг байсан бол газар тариалан, мал аж ахуй хөгжсөн цагаас эхлэн бараа солилцож, ур чадвартай гар урчууд нь тустай дагнасан хөдөлмөр эрхлэж эхлэсэнээс нийгмийн ялгаатай байдал үүсжээ. Бараа солилцоо (бартер) аажмаар хөгжиж байгаад мөнгө гарч ирснээр худалдаа болж хувирсан байна. Эдийн засаг, санхүүгийн түүх хүн төрлөхтөнтэй хамт урт хугацааг туулсан хэдий ч эдийн засгийн онолыг 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг.
Эдийн засаг нь хүний нийгмийн амьдралд амин чухал зүйлсийн нэг болж төлөвлөх, эмх цэгцтэй амьдралыг цогцлооход хамгийн чухал хэсэг мөн бөгөөд хүний хязгааргүй хэрэгцээг, хязгаартай нөөцөөр зохицуулах тогтолцоо билээ. Иймд бидний хүсэл, хэрэгцээ боломжоосоо үргэлж их байдаг гэдийг ойлгож таниж санхүүгийн сорилттой энэ ертөнцөд зээлийн үйл ажиллагаагаа ухаалгаар удирдах хэрэгцээ байгаа.
Та зээл авах тухай бодохоосоо өмнө зээлийг хэрхэн, юунд зарцуулахаа тодорхойлсон байхаас гадна зээлийг хүүний хамт тогтмол давтамжтайгаар буцаан төлөх ирээдүйн орлогоо тооцоолсон байх ёстой. Иймд зээл авахдаа дараах хүчин зүйлсийг тодорхойлох нь зүйтэй.
- Зориулалт: Зээлийн хэрэгцээ шаардлага буюу зориулалт тодорхой байх.
- Эргэн төлөлт: Зээлээ эргэн төлөх арга зам нь тодорхойлогдсон байх.
- Зээлийн нөхцөл: Зээлийн нөхцөл / зээлийн хэмжээ, хугацаа, хүү/ нь зээлийн зориулалтад тохирсон байх.
- Зохистой хэрэглээ: Зээл нь зөвхөн зардлыг бус ирээдүйн ашиг, орлого, зохистой хэрэглээг санхүүжүүлж байх.
Зөвлөмж
Зээлийн аливаа нэг хүндрэл үүсэхэд түүнийг шийдэх гарц байдаг. Хамгийн гол нь банктайгаа нээлттэй илэн далангүй байж, нөхцөл байдлаа тайлбарлах нь ирээдүйд үүсэх том эрсдэлийг бууруулж болох юм. Тухайлбал, анхны байгуулсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол банкиндаа хандан зээлийн гэрээний анхны нөхцөлд өөрчлөлт оруулах нөхцөлийг тохирч гэрээг шинэчлэн байгуулах боломж байдгийг мэдэхэд илүүдэхгүй.